Дулаан шийдэл төслийн зорилтот бүлэгт КОВИД-19 цар тахлын үеийн хөл хорионы үзүүлэх нөлөөллийн шуурхай үнэлгээ
МИРИМ Консалтант ХХК-ийн судалгааны баг нь Европын Холбооны санхүүжилтээр ЖЭРЭС ОУТББ, ПИН ОУТББ, ГХАОЗТ, МБҮА, БЭХХТ нар хамтран “Улаанбаатар хотын төлөвлөгдөөгүй бүсэд тогтвортой эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барихад зөвлөгөө өгөх, санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх төслийн” захиалгаар “Дулаан шийдэл” төслийн зорилтот КОВИД-19 цар тахлын үеийн хөл хорионы үзүүлэх нөлөөллийн шуурхай үнэлгээг хийв.
Энэхүү судалгааны үндсэн зорилго нь “Дулаан шийдэл” төслийн үйл ажиллагаанд Ковид-19 цар тахлын үеийн хөл хорионы үзүүлэх нөлөө, эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн.
Судалгаа нь (i) баримт бичгийн тойм судалгаа болон хэрэглэгдэхүүн боловсруулах; (ii) зорилтот хороодын өрхүүдээс асуулга болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллөөс ярилцлага судалгааны мэдээлэл цуглуулах (iii) судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тайлан боловсруулах гэсэн үе шатуудаас бүрдсэн. Судалгааны мэдээллийг тоон болон чанарын судалгааны аргыг хослуулан гүйцэтгэсэн.
Баримт бичгийн судалгаа: Баримт бичгийн судалгааны хүрээнд дараах 3 төрлийн баримт бичгийн судалгааг хийсэн. Үүнд Ковид-19 цар тахлын үеийн хөл хорионы үзүүлэх нөлөөллийн талаар хийгдсэн судалгаанууд болон гэр хороололд агаарын бохирдол болон орон сууцны дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл, 2020 оны улс төрийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт агаарын бохирдол болон орон сууцны дулаан алдагдлыг бууруулах чиглэлд тусгасан зүйл заалтуудыг хамруулан судалсан.
Иргэдийн асуумж судалгаа: 2019 оны эхээр төслийн суурь судалгааг 416 өрхийн дунд зохион байгуулсан ба эдгээр өрхүүдээс орон сууцаа “засах, өргөтгөх, дулаалах” төлөвлөгөөтэй байсан 150 өрхөөс утсаар мэдээл цуглуулсан. Суурь судалгаанд хамрагдсан 416 өрхөөс санамсаргүй түүврийн аргаар 150 өрхийг сонгож судалгаанд хамруулсан. Судалгааг төслийн зорилтот хороод болох Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 18-р хороо, Сонгинохайрхан 7, 8, 9, 10, 11, 28, 31-р хорооны амины сууцтай өрхүүдийг хамруулсан.
Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын ярилцлага судалгаа: Төсөл хэрэгжүүлэгч талуудаас ярилцлага судалгааны аргаар 5 байгууллагын мэргэжилтнүүдээс урьдчилан бэлтгэсэн 10 асуултын дагуу 40-60 минутын ярилцлага судалгааг зохион байгуулсан.
Судалгааны зарим үр дүнгээс дурдвал:
- Хүүхдийн зан ааш өөрчлөгдсөн эсэх нь өрхийн орлогын өөрчлөлттэй хамааралтай байна. Тухайлбал нийт өрхийн 3% нь хүүхдийн зан ааш өөрчлөгдсөн гэж хариулсан. Эдгээр өрхийн 62.5%-д нь өрхийн орлогод өөрчлөлт орсон гэжээ.
- Өрхийн орлогын хүрэлцээ Ковид-19 цар тахлын үеийн хөл хорионоос хамааран өөрчлөгдсөн эсэхийг тодруулахад 1.3% нэмэгдсэн, 56.7% нь өөрчлөгдөөгүй, 42% нь буурсан байна.
- Ковид-19 цар тахлын үеийн хөл хорионы нөлөөлөлд хамгийн их өртөж байгаа салбарууд болох үйлчилгээний салбарт 32%, худалдааны салбарт 7.3%, тээврийн салбарт 6.7%, аялал жуулчлалын салбарт 2.7% ажиллаж байна. Өрхийн орлого буурсан иргэдийг ажиллаж байгаа салбараар нь харьцуулж үзэхэд орлого нь буурсан өрхүүдийн 46% үйлчилгээ, 11.1% барилга, 11.1% худалдаа, 7.9% тээврийн салбарт ажилладаг байна
“Дулаан шийдэл” төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.dulaalga.mn/ авна уу.
Leave a Reply