Монгол улсын зах зээлийн шударга өрсөлдөөн, өрсөлдөөний хууль эрх зүйн талаарх бизнес эрхлэгчдийн ойлголт болон зах зээлийн өнөөгийн төлөв байдал, нэвтрэх саадын судалгааг хэрэгжүүллээ
ЖАЙКА-ийн санхүүжилтээр ШӨХТГ-т хэрэгжүүлсэн “Монгол улсын шударга өрсөлдөөний орчинг бэхжүүлэх нь” техник туслалцааны төслийн хүрээнд уг судалгааг Улаанбаатар хот, 21 аймгийг хамруулан хэрэгжүүллээ. Энэ хүрээнд зах зээлийн шударга өрсөлдөөн, өрсөлдөөний хууль эрх зүйн орчны талаарх бизнес эрхлэгчдийн ойлголт, мэдлэг, хандлага ямар байгааг түүвэр судалгааны аргаар тодорхойлж, дүн шинжилгээ хийлээ. Түүнчлэн МУ-ын голлох эдийн засгийн салбаруудад харгалзах зах зээлүүдийн өрсөлдөөний төлөв байдал болон зах зээлд нэвтрэх саадын олон улсын туршлага, аргазүйг тодорхойлж, өрсөлдөөнийг дэмжих санал, зөвлөмжийг боловсрууллаа. Ингэхдээ МУ-ын өрсөлдөх чадварын олон улс дахь өнөөгийн байр суурийг гурван өөр эх сурвалжаас судалж, нэгдсэн дүгнэлт өгсөн. Бизнес регистрийн санд бүртгэлтэй үйл ажиллагаагаа явуулж буй ААНБ-уудын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, ААНБ-уудын төлөв байдлыг тодорхойлов. МУ-ын зах зээлийн өрсөлдөөний орчныг судлахдаа 81 дэд салбарын хувьд төвлөрлийн үзүүлэлтүүдийг тооцож, улмаар зах зээлүүдийн төвлөрөл, өрсөлдөөний талаар дүгнэлт гаргав. Түүнчлэн эдийн засгийн голлох 12 салбараас нэг дэд салбарыг сонгож, тэдгээрийн өрсөлдөөний хэлбэрүүдийг тодорхойлж, арилжааны банкны зах зээлийн хувьд өрсөлдөөний хэв шинжийг дэлгэрэнгүй судалж, өрсөлдөөний түвшинг үнэллээ. Зах зээлд нэвтрэх саадыг тодорхойлох чиглэлээр АНУ, Япон, Австралийн өрсөлдөөний хууль, эрх зүйн орчин, бодлого, хөтөлбөр зэргийг Монгол улстай харьцуулан судалж, сайн туршлага, кейсийг тодорхойллоо. “Өрсөлдөөний хууль” ба “Өрсөлдөөний бодлогын хөтөлбөр”-т зах зээлд нэвтрэх саадыг бууруулж, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх талаар бодлогын зөвлөмж боловсруулж, зах зээлд нэвтрэхсаадыг тодорхойлоход ашиглах гарын авлагыг боловсрууллаа.
Leave a Reply