Нүүрстөрөгч багатай, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Хог хаягдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт эерэг нөлөө үзүүлэх нь
“Каритас Чех Репаблик” ТББ-ийн захиалгаар #MИРИМ_Консалтант_ХХК-ийн судалгааны баг “Хог хаягдлын менежментийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох хууль тогтоомжийн төсөл боловсруулах” зөвлөх үйлчилгээг 2024 оны 05 дүгээр сарын 21-нээс 2024 оны 08 дугаар сарын 15-ны хооронд хийж гүйцэтгэж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь “Хог_хаягдлын_тухай_хууль”-д хийсэн үнэлгээнд үндэслэн хүндрэл, бэрхшээл, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлж, хуульд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагыг тандан судалж, цаашид тус хууль тогтоомжоор дамжуулан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод туссан хог хаягдлын асуудалтай холбогдох зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит гарц, шийдлийн хувилбарыг боловсруулж санал болгоход оршино.
Зөвлөх үйлчилгээг Монгол Улсын “Хууль тогтоомжийн тухай хууль”-ийг дагалдан гарсан Засгийн газрын 2016 оны “Аргачлал батлах тухай” 59 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт болох Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалын дагуу гүйцэтгэсэн. Хуулийн төсөлд нэмэлт оруулах судалгаа, хуулийн томьёолол дээр ажиллахдаа бохирдуулагч нь төлбөр төлөх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн чиглэл дээр төвлөрч ажилласан. Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнд:
Зөвлөх үйлчилгээний хүрээнд Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ болон хог хаягдлын зохицуулалттай холбогдох бусад материалуудтай танилцаж, хуулийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд болон хуулийн хэрэгжилтэд өртөж байгаа субъектээс тандан судалгаа авч дүн шинжилгээ хийсэн. Мөн бохирдол бага ялгаруулах, хог хаягдалгүй хэрэглээг нэмэгдүүлэх, бохирдуулагч нь төлбөр төлөх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, экологи болон газарзүйн байршлын хувьд ижил төстэй бусад гадаад улс орны туршлагыг судалж, олон улсын харьцуулсан судалгааг хийж, судалгааны үр дүнд тулгуурлан хууль, тогтоомжийн төслийг, үзэл баримтлал, тус хуулийг дагалдан гарах хууль, журмын төсөл, танилцуулга, хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоолол боловсруулсан.
Мөн хуулийн нэмэлт өөрчлөлтийн санал болон журмын төслүүдийг олон нийт, сонирхлын бүлгүүдээр хэлэлцүүлж саналын товьёг, асуулт хариултын тоймыг бэлтгэсэн. Тус хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор дагалдан гарах бусад хуулийн нэмэлт өөрчлөлтийн санал, шаардлагатай захиргааны хэм хэмжээний актуудын жагсаалтыг гаргаж төсөл боловсруулсан.
Энэхүү судалгаанд оруулсан хуулийн төслийн нэмэлт өөрчлөлт хийгдсэнээр үйлдвэрлэгч, импортлогч, үйлчилгээний байгууллагын орчны бохирдлыг бууруулахад оруулах хувь нэмэр бодит үр дүн бий болгож хог хаягдлын хэмжээ бууруулахад үлэмж нөлөө үзүүлэх төдийгүй төлбөр аван үйлчилгээ үзүүлэх жижиг, дунд ААН-үүдийн бизнесийн шинэ орчин бий болох эерэг үр дүн бий болно.
Leave a Reply