“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн зах зээлийн үнэлгээ“-г хийж гүйцэтгэв
МИРИМ Консалтант нь ХХААХҮЯ болон НҮБ-ын төрөлжсөн салбар Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын захиалгаар “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн зах зээлийн үнэлгээ”-г 2023 оны 05 -аас 12 сарын хооронд хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгаа нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөцтэй холбоотой тулгамдаж буй асуудлыг илрүүлэн тодруулах, ойрын ирээдүйд эрэлт нэмэгдэх ажлын байр, түүнд нийцэх ажилтны ур чадварыг тодорхойлж, ажиллах хүчийг татах, сургах, дадлагажуулах, тогтоон барихад чиглэсэн, аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ) болон салбарын бодлого боловсруулагчдад зөвлөмж боловсруулахад чиглэсэн.
Судалгаанд анхдагч болон хоёрдогч тоон мэдээллийг ашигласан болно. Анхдагч тоон мэдээллийн хүрээнд салбарын хөдөлмөрийн зах зээлд оролцогч талуудыг төлөөлөхүйц түүврийг сонгож хамруулсан. Тухайлбал ажил олгогч талыг төлөөлж 335 ААН, Ажиллах хүчний төлөөлөл 359 ажилтнаас түүвэр судалгаа авсан. Судалгаанд оролцогчдын 62.7 хувь нь Улаанбаатар хот, үлдсэн 37.3 хувь нь орон нутаг иргэд байна. Мөн 140 төрийн албан хаагч, 220 Ажил хайгч болон хөдөлмөр эрхэлдэггүй, боловсрол, сургалтад хамрагдаагүй иргэдийг (Not in Education, Employment, or Training) хамруулсан.
Хоёрдогч мэдээллийг, Үндэсний статистикийн хороо (ҮСХ), ХХААХҮЯ болон бусад холбогдох салбар, агентлагаас мэдээлэл цуглууллаа. Эдгээр өгөгдлөөс гадна, судалгааны баг нь 26 чанарын судалгааг 3 төрийн байгууллагын бодлогын түвшинд шийдвэр гаргагч, 15 төрийн байгууллагын албан хаагч, 3 хувийн ААНБ, 5 мэргэжлийн холбооны гишүүдийг судалгаанд хамруулсан.
Статистик шинжилгээний дүнгээс харвал ХАА-н салбарт хөдөлмөр эрхэлж буй ажилтнууд Монгол Улсын нийт ажилтны 26.7 хувийг эзэлж байсан бол 2018-2022 оны хооронд 24.9 хувь болж буурсан байна. Энэхүү шилжилтэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа хэдий ч, макро түвшинд, тухайн салбарын хөдөлмөрийн бүтээмж улсын дунджаас хэт доогуур байгаатай холбон тайлбарлаж болно. Тухайлбал, Монгол Улсын хөдөлмөрийн бодит бүтээмж 2018-2022 онд дунджаар 22 сая төгрөг байсан бол, ХАА-н салбарт ердөө 13.2 сая төгрөг байжээ.
Түүнчлэн, салбар болон улсын хөдөлмөрийн бүтээмжийн өнгөрсөн 5 жилийн өсөлтөд суурилж үзвэл, ХАА-н хөдөлмөрийн бүтээмж улсын дунджаас 7-14 жилээр хоцорч байна. Үүнээс шалтгаалан, салбарын ажилтнуудын дундаж цалин улсын дунджаас 24 хувиар доогуур байгаа нь тухайн салбараас хөдөлмөр дайжих суурь шалтгаан болох боломжтой. Түүнээс гадна, АХТС-ны 2018, 2022 оны тоон үзүүлэлтээс харвал, ХАА-н салбарын ажилтнуудыг бусад салбарынхтай харьцуулахад, дундаж нас өндөр, боловсролын түвшин доогуур байлаа. Мөн, ХАА-н салбарт мэргэшсэн ажилтнуудын дунд эдийн засгийн идэвхгүй бүлгийн эзлэх хувь нэмэгдсэн төдийгүй, хувийн бизнес эрхлэх хандлага ч нэмэгдсэн байна.
Судалгааны зарим үр дүнгээс дурдвал ажил олгогчийн түүвэр судалгааны үр дүнгээс үзвэл, ХХААХҮ-ийн салбарт үйл ажиллагаа явуулж буй ААНБ хүний нөөцөөр хангагдаагүй байна. Тухайлбал, судалгаанд оролцогч ААНБ-ын 45.1 хувь нь хүний нөөцөөр 90-100 хувь хангагдсан гэж хариулсан бол, 22.4 хувь нь 60 хувиас бага хангагдсан гэж хариулжээ
Хөдөлмөрийн зах зээлд ажил хийх сонирхолтой иргэд их байгаа ч, тэднийг ажил олгогчтой учруулах механизм ажиллахгүй байна. Тухайлбал, ажил олгогчдын 81.6 хувь нь ажилтан хайхдаа албан бус суваг ашигладаг. Үүний 40.8 хувь нь танил, ойр дотны хүмүүсээс асуун сураглаж, 35.8 хувь нь олон нийтийн сүлжээгээр зарлаж, үлдсэн 5.0 хувь нь их, дээд сургалтын байгууллагад ханддаг байна. Өөрөөр хэлбэл, ажилд жуучлах албан ёсны суваг – хөдөлмөрийн биржид ханддаггүй байна
Тэгвэл салбарын ажил олгогчдын хувьд хүний нөөцийн бодлого, стратеги боловсруулж, ажиллах хүчийг татах, шинэ ажилтнуудыг дадлагажуулах, сургах, ур чадварыг хөгжүүлэх шаардлагатай. шинэ технологи, инновацад хөрөнгө оруулж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, цалингийн түвшнийг өсгөх бодлого баримтлах, хэрэгжүүлэх болон хомсдолтой байгаа тусгай мэргэжлийн ажилтан, тогооч, оёдолчин, жолооч, туслах ажилтан, агрономич, малчин, борлуулагч, түгээгч, үйлчлэгчдийн цалин, хангамжийг нэмэгдүүлэх стратеги баримтлан, хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Leave a Reply