Эндометриоз эмгэгтэй эмэгтэйчүүдийн нөхцөл байдлын судалгааг гүйцэтгэлээ

“Монос трейд” ХХК-ийн захиалгаар MИРИМ Консалтант ХХК-ийн судалгааны баг “Эндометриоз эмгэгтэй эмэгтэйчүүдийн нөхцөл байдлын судалгаа” зөвлөх үйлчилгээг 2023 оны 11 дүгээр сарын 03-аас 2023 оны 12 дугаар сарын 15-ны хооронд хийж гүйцэтгэлээ.

Энэхүү судалгааны зорилго нь Олон улсад болон Монголд эндометриоз оноштой эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэлт, өвчлөлийн тархалт, үр нөлөө, эмчилгээ ямар түвшинд байгааг судалж, хууль эрх зүй, бодлогын орчин, оролцогч талуудын хамтын ажиллагаанд шинжилгээ хийн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулахад оршино. Судалгааны дизайн, арга зүй боловсруулалт, мэдээлэл бүрдүүлэлт, дүн шинжилгээ, бодлого боловсруулах хэсэгт мэргэжлийн зөвлөх, судлаачдын баг нягт хамтран ажиллалаа.

Судалгаанд тоон ба чанарын аргыг хослуулан ашигласан. Ингэхдээ хагас бүтэцлэгдсэн ярилцлага, баримт бичгийн аргаар үндсэн тоон өгөгдлийг цуглуулж, ганцаарчилсан ярилцлагын аргаар чанарын мэдээллийг цуглуулсан. Судалгаанд оролцогч талуудын бүх төлөөллийг хамруулав. Ингэхдээ эндометриоз оноштой болон өвчилсөн 127 эмэгтэйчүүдээс асуумж судалгаа, төрийн байгууллагын төлөөлөл, эмч мэргэжилтнүүдээс 15 ярилцлага судалгааг зохион байгуулсан. Мөн холбогдох статистик мэдээлэл, хууль, бодлого хөтөлбөр зэрэгт баримт бичгийн шинжилгээ хийсэн.

Эндометриоз гэдэг нь умайн салст бүрхэвчийн үйл ажиллагааны давхаргын булчирхайлаг ба  холбогч  эд, түүнтэй төстэй эдүүд умайн хөндийгөөс гадагшилж  өөр эрхтэнд ихэвчлэн бага аарцгийн эрхтнүүдэд (умайн булчинлаг давхарга, өндгөвч, үрийн хоолой, дугласны зай г.м.) шилжин байршиж, улмаар тухайн орчинд үрэвслийн нэвчдэс, наалдац үүсгэж хэвийн бүтцийг алдагдуулснаар өвдөлтөөр илэрч  үргүйдэл, хөдөлмөрийн чадвар алдагдалд хүргэж, амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг, архагшин даамжрах явцтай эмгэг юм.

Судалгааны зарим үр дүнгээс дурдвал, дэлхий дээр эндометриозын өвчлөл сүүлийн 10 жилд эрс нэмэгдсэн ба нийт нөхөн үржихүйн насны 10-н эмэгтэй тутмын 1 нь уг эмгэгээр өвчилсөн байна. Харин Монгол улсын хэмжээнд хүн амын өвчлөлийн дөрөвдүгээр шалтгаан болсон шээс бэлгийн тогтолцооны өвчин сүүлийн 10 жилийн дунджаар нийт өвчлөлийн 11.1 хувийг эзэлж байна. Төрөөс зонхилон тохиолдох ХБӨ-ийг онцгойлон анхаарч бодлого, хөтөлбөрт тусгасан боловч эндометриоз өвчлөлийг огт тусгаагүй байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 08 дугаар тогтоол”-д эндометриоз өвчнийг зөвхөн хэвтэн эмчлүүлэхэд тодорхой хөнгөлөлт үзүүлэхээр тогтоосон. Харин шаардлагатай эмийг жагсаалтад огт оруулаагүйгээс даатгалд хамрахгүй байх нөхцөлийг бүрдүүлжээ.

Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 09 өдрийн А/758, А/197 тоот хамтарсан тушаалаар “Байнгын шаналгаатай эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний болон бусад эрхтний (шулуун гэдэс, элэг, чацархай) эндометроз өвчин (N80)”-өөр өвчилсөн иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар, нэг жилийн хугацаатай тогтоожээ. Гэвч холбогдох мэргэжилтнүүд энэ талын мэдлэг, мэдээлэл бага байгааг эмчлүүлэгчид онцолж байв.

Leave a Reply

Your email address will not be published.