“Монгол Улсын хөдөө орон нутгийн хөгжилд жендерийн тэгш оролцоог хангах нь” төслийн эцсийн шатны үнэлгээ эхэллээ

“Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмын дагуу жендерийн эрх тэгш байдлыг хангах буюу хүн  бүрийн,  түүний  дотор охид хөвгүүд, эрэгтэй эмэгтэйчүүдийн тэгш боломж, оролцоо, хөгжлийн үр шимээс тэгш хүртэх боломжтой орчныг бүрдүүлэх онцгой чухал гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. Үүний хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсад төвтэй “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” олон улсын байгууллагын зүгээс 2019-2023 онд “Монгол Улсын хөдөө орон нутгийн хөгжилд жендерийн тэгш оролцоог хангах нь” төслийг хэрэгжүүлжээ.

Уг төсөл нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтолцоонд хөдөөгийн эмэгтэйчүүдийн бүлгийн үүрэг оролцоог бэхжүүлэх, орон нутгийн болон үндэсний төлөөлөгчдөд чиглэсэн Монгол Улсын бодлого боловсруулах үйл явцад эмэгтэйчүүдийг хөгжил, өөрчлөлтийн төлөөлөгч болгон чадавхжуулахад хувь нэмэр оруулах зорилготой. Үүний хүрээнд Архангай, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотын малчид, хүнсний ногоо тариаланчид, нутгийн зөвлөлийн гишүүд, төрийн албан хаагчдад жендерийн мэдрэмж олгох сургалт зохион байгуулах, тогтвортой ноолуур, хүнсний ногооны чиглэл зэргээр үйл ажиллагаагаа явуулах сонирхолтой эмэгтэйчүүдийг дэмжих зэрэг үйл ажиллагаагаа явуулан 2023 оны 3 сард дуусгавар болжээ.

Манай байгууллага нь 2023 оны 4 сараас 7 дугаар сарын хооронд “Монгол Улсын хөдөө орон нутгийн хөгжилд жендерийн тэгш оролцоог хангах нь” төслийн эцсийн шатны үнэлгээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус үнэлгээгээр ХАА салбарт жендерийн тэгш оролцоог хангах ажил нь өрх болон орон нутагт ямар өөрчлөлт гаргаж байгаа эсэх, мөн цаашид энэ төрлийн санаачилгуудыг дэмжих хэрэгцээ байгаа эсэхийг үнэлж, амжилттай арга аргачлалуудыг илрүүлэх зорилготой. Үнэлгээний хүрээнд төсөлд оролцсон орон нутгуудаас түүвэрлэн Хэнтий, Архангай, Улаанбаатар хотыг сонгон асуумж, ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулна.

Leave a Reply

Your email address will not be published.