+976 - 70137012
         МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ             БҮТЭЭЛЧ ГҮЙЦЭТГЭЛ             УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛ

“Бизнесийн ёс зүйт байдлын хөтөлбөр” төсөл хэрэгжиж байна

МИРИМ Консалтант 2017 оны 10 сараас эхлэн Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ-ын “Бизнесийн ёс зүйт байдлын хөтөлбөр” судалгаанд ИРИМ - Хараат бус Судалгааны Хүрээлэнгийн туслан гүйцэтгэгч байгууллагаар ажиллаж, уг судалгааг хэрэгжүүлж байна.

Бизнесийн ёс зүйт байдлын хөтөлбөр болох төсөл нь ил тод байдал, ёс зүй, хариуцлагыг сайжруулах замаар бизнесийн орчны авлигыг бууруулах үндсэн зорилготой.

Түүнд хүрэхийн тулд Монгол Улсад хэрэгжүүлж буй "Бизнесийн ёс зүйт байдлын хөтөлбөр" судалгаа нь (a) манай улсын бизнесийн орчны ёс зүйт байдлыг баримт бичгийн нотолгоон дээр тулгуурлан сайжруулах (б) шинэчилсэн хөтөлбөрийг дэвшүүлэн хувийн салбар доторх болон салбараас гарах авлигыг бууруулах зорилготой.

Одоогийн байдлаар дэлхийн ихэнх улс оронд бизнесийн буюу хувийн салбарт авлигатай тэмцэх нэгдсэн цогц үнэлгээний тогтолцоо байхгүй байна. Транспэрэнси Интернэйшнл олон улсын байгууллага нь 2016 оноос эхлэн уг орон зайг нөхөх зорилгоор бизнесийн орчин дахь ёс зүйт байдлыг сайжруулах үүднээс улс орон бүрд "Бизнесийн ёс зүйт байдлын хөтөлбөр" судалгааг хэрэгжүүлж эхэлжээ. Анхны гараа Мозамбик, Турк, Итали, Камбож зэрэг улсуудад хийгдсэн ба 2018 онд анх удаагаа уг хөтөлбөрийг үнэлэх ажил Монгол Улсад хийгдэж буйгаар онцлогтой.

Энэхүү судалгаа Транспэрэнси Интернэшнл олон улсын боловсруулсан арга, аргачлалын дагуу баримт бичгийн судалгааг улс орон бүрд хийдэг. Уг хөтөлбөр тухайн улсын төр, хувийн салбар болон иргэний нийгмийн уялдаа холбоог 15 хэсэг, 51 индикаторын хүрээнд авч үздэг ба 3 салбарт ерөнхий үнэлгээг боловсруулдаг. Мөн уг судалгаа дэлхийн улс орнуудыг хооронд нь харьцуулдаггүйгээрээ онцлогтой.

Уг судалгааны явцад зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах салбар бүрийн 10 хүний мэргэжилтний бүрэлдэхүүнтэй Зөвлөх Бүлгийг үүсгэн байгуулж, анхдугаар уулзалтыг 2017 оны 11 сард зохион байгуулсан юм. Уг Зөвлөх Бүлэгт төрийн салбар, бизнесийн салбар, иргэний нийгмийн төлөөлөл багтсан болно.

Одоогоор судалгааны ажил хийгдэж байгаа ба 2018 оны 6 сард судалгааг танилцуулахаар ажиллаж байна.