+976 - 70137012
         МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ             БҮТЭЭЛЧ ГҮЙЦЭТГЭЛ             УРТ ХУГАЦААНЫ ТҮНШЛЭЛ

ӨРХИЙН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГААНЫ ТАНИЛЦУУЛГА

 

Дэлхий өнцөг булан бүрд хүн төрөлхтний ирээдүйн төлөө судалгаа шинжилгээний хүрээнд асар их өгөгдлийн сангууд минут тутамд үүсэж байна. Үүнтэй зэрэгцэн 1995 онд ”Монгол Улсын Хүн Амын амьжиргааны түвшний үнэлгээ”-ний анхны түүвэр судалгааг Дэлхийн банкны техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр хийж байсан нь манай улсад томоохон судалгааны эхлэл болсон гэж үздэг.

2002-2003 онд Монгол Улсын Үндэсний статистикийн газраас “Өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний судалгаа”-г Дэлхийн банк болон Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр эрхлэн явуулсан байна. 2007 оноос хойш “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа” / ӨНЭЗС / нэртэйгээр жил бүр тасралтгүй хэрэгжүүлж, 2 жил тутам дэлгэрэнгүй хэлбэрээр тогтмол зохион байгуулдаг.

ӨНЭЗС нь хүн амын амьжиргааны түвшин, ядуурлын байдлыг тодорхойлох зорилготой өндөр ач холбогдолтой судалгаа юм. Түүнчлэн өрхийн орлого, зарлагыг тооцох, хэрэглээний үнийн индекст ашигладаг сагс болон жинг шинэчлэх, ДНБ-ийг хэрэглээний аргаар тооцоход шаардлагатай мэдээлэл гаргах зорилгоор үндэсний хэмжээнд мэргэжилтнүүд шийдвэр гаргалтандаа ашиглаж байна.

 

ӨНЭЗС-ны онцлог, давуу тал:

  1. Жил бүр Монгол Улсын 12’000 гаруй өрх болон өрхийн гишүүдийг судалгаанд хамруулдаг
  2. Судалгаа Монгол Улсын хэмжээг хамарсан томоохон судалгааны нэг
  3. Хүн амын амьжиргааны түвшин, ядуурлын байдлыг тодорхойлох боломжийг олгодог
  4. Өрхийн орлого, зарлагыг нарийвчилсан задаргаагаар харах боломжийг олгодог
  5. Өрхийн гишүүдийн орлого, зарлагын бүтцийг нарийвчлан харах боломжийг олгодог
  6. Бусад статистик тоо баримтыг тооцох бололцоог олгодог зэрэг давуу талтай.

СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК

  1. 2017 оны 2-р улирлын байдлаар нэг өрхийн сарын дундаж орлого 1’032’112 төгрөг гарсан байна. Үүнээс 89,7 хувийг өрхийн цэвэр мөнгөн орлого бүрдүүлж, үлдсэн хувийг бусдаас үнэгүй авсан болон өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн орлого бүрдүүлжээ.
  2. Хотод оршин суугаа өрхийн орлого хөдөө орон нутагт оршин суугчдаас 21,8% илүү өндөр байна
  3. Өрхийн нийгэм, эдийн засгийн 2017 оны 2 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж орлого 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 61.7 (6.4%) мянган төгрөгөөр өслөө
  4. Нэг өрхийн сарын дундаж орлого 2017 оны 2 дугаар улирлын байдлаар хотод 1.1 сая төгрөг, хөдөөд 901.3 мянган төгрөг буюу хотынхны орлого хөдөөгийнхөөс 196.1 (21.8%) мянган төгрөгөөр их байна.
  5. Нэг өрхийн сарын дундаж зарлага 2017 оны 2 дугаар улирлын судалгааны дүнгээр 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 62.8 (6.0%) мянган төгрөгөөр өслөө
  6. Нэг өрхийн сарын дундаж зарлага 2017 оны 2 дугаар улирлын байдлаар хотод 1.2 сая төгрөг, хөдөөд 1.0 сая төгрөг буюу хотынхны зарлага хөдөөгийнхнөөс 146.0 (14.4%) мянган төгрөгөөр их байна

 

Үндэсний статистикийн хорооноос гаргасан ӨНЭЗС 2017 оны II улирлын танилцуулгыг энд дарж үзнэ үү.